Central Mongolia

Experience the heart of Mongolia with Karakorum, Orkhon Valley, and historic sites

Байгалийн үзэсгэлэнт газрууд, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, түүхэн дурсгалт газрууд, эртний туурь, шарилын дурсгал, сүм хийд, шашны газруудаар баялаг хивсэнцэр бүхий Монголын төв нь заавал очиж үзэх аялалын газар юм. Энэ бүс нутаг нь Монгол орноор аялж буй аялагчдын хувьд онцлох газар юм. Орхоны хөндийн соёлын ландшафт нь 2004 онд ЮНЕСКО-гоос соёлын ландшафт гэж хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн соёлын хамгийн чухал бүс нутгийн нэг гэдгээрээ онцлог юм. Өргөн уудам газар нутаг нь Орхон голын хоёр эрэг дээрх бэлчээрийг хамардаг бөгөөд 6-р зууны үеийн археологийн олон дурсгалт газруудыг агуулдаг.

Аймгууд: Төв, Булган, Хэнтий, Архангай, Өвөрхангай, Дундговь, Баянхонго.

Байгаль: Ой, хээр тал, гол мөрөн, түүхэн дурсгалт газар, шүтээн уул.

Цаг агаар: Төвийн бүсийн уур амьсгал нь эрс тэс, дөрвөн улиралтай.​

Хавар: Агаарын дундаж температур 0–10°C​

Зун: Агаарын дундаж температур 15–25°C

Намар: Агаарын дундаж температур 0–10°C​

Өвөл: Агаарын дундаж температур -10–-30°C

Хүн ам: 2022 оны байдлаар

  • Архангай: 93,677 хүн​

  • Өвөрхангай: 115,684 хүн​

  • Булган: 61,552 хүн

  • Төв: 92,753 хүн​

  • Баянхонгор: 88,720 хүн​




    Үндэстэн ястан:

  • Төвийн бүсийн аймгуудад халх үндэстэн зонхилдог. Мөн буриад, дархад зэрэг бусад ястан амьдардаг.​




    Ёс заншил:

  • Төвийн бүсийн аймгууд нь Монголын уламжлалт соёл, ёс жаягийг хадгалсан байдаг. Жишээлбэл, Архангай аймагт Хархорин хот, Эрдэнэ Зуу хийд зэрэг түүхэн дурсгалт газрууд байрладаг.​



    Мал аж ахуй

  • Төвийн бүсийн аймгуудад хонь, үхэр, адуу зонхилон тэжээдэг. Жишээлбэл, Архангай, Булган, Төв аймагт үхэр олон байдаг.



    ​Уулс газарзүйн онцлог

    • Архангай: Хангайн нурууны салбар уулс оршдог. Далайн түвшнээс дээш 2,000–3,000 м өндөрт байрладаг.​


    • Өвөрхангай: Хангайн нурууны өмнөд хэсэгт байрладаг. Далайн түвшнээс дээш 1,500–2,500 м өндөрт оршино.​

    • Булган: Хангайн нурууны хойд захад байрладаг. Далайн түвшнээс дээш 1,000–1,800 м өндөрт оршдог.​

    • Төв: Хэнтийн нурууны баруун хэсэгт байрладаг. Далайн түвшнээс дээш 1,200–2,000 м өндөрт оршино.​

    • Баянхонгор: Хангайн нурууны баруун өмнөд хэсэгт байрладаг. Далайн түвшнээс дээш 1,500–3,000 м өндөрт оршино.​

    Улаанбаатар: Хэнтийн нурууны баруун хэсэгт байрладаг. Далайн түвшнээс дээш 1,300–1,400 м өндөрт оршино.​


    Гол, нуур, мөрөн;

  • Архангай: Орхон, Тамир, Хануй голууд; Тэрхийн цагаан нуур.​

  • Өвөрхангай: Орхон гол; Шаргалжуутын рашаан.​

  • Булган: Сэлэнгэ, Орхон, Хануй голууд; Өгий нуур.​

  • Төв: Туул, Хэрлэн голууд.​

  • Баянхонгор: Богд, Байдраг голууд; Шаргалжуутын рашаан.​


    Улаанбаатар: Туул гол.​


    Ургамал;

Төвийн бүс нь ойт хээрийн бүсэд хамаарах бөгөөд шилмүүст болон навчит ой, хээрийн ургамал зонхилно. Ургамал судлаачдад сонирхолтой ургамлуудад гагнуур, алтан гагнуур, хонин арц зэрэг орно. ​


Амьтан:

Энэ бүсэд халиун буга, бор гөрөөс, шилүүс, баавгай, үнэг, чоно, тарвага зэрэг хөхтөн амьтад, мөн олон төрлийн шувууд амьдардаг.




Гол үзмэрүүд нь:


Эрдэнэ зуу хийд: Монголын хамгийн эртний бурханы шашны хийдүүдийн нэг.

Эрдэнэ Зуу хийд нь 1586 онд байгуулагдсан, Монголын хамгийн эртний бурханы шашны хийдүүдийн нэг бөгөөд Монголд буддын шашин дахин дэлгэрсэн түүхийн эхлэлтэй шууд холбоотой. Хийдийн 108 суварга бүхий цагаан хэрэм нь бэлгэдлийн гүн утгатай бөгөөд өнөөдөр ч Монголын шашин, соёлын чухал төв хэвээр байна. Энд сүм дуган, бурхан шүтээн, уран баримал, уран зураг зэрэг түүх соёлын хосгүй өв хадгалагддаг. Хархорин хотын туурин дээр үлдсэн чулуун ханыг зөөж авчраад одоогийн Эрдэнэзуу хийдийг босгосон түүхтэй. 1580 онд Автай сайн хаан, дүү Түмэнхэн ноёнтой хамт III Далай ламтай уулзаж, түүний зөвлөсөн дагуу Хархорум хотын нэгэн хуучин сүм болох Тахай балгасан дахь сүмийг сэргээснээр суурь нь тавигджээ. Ийнхүү 1586-1674 онд Гурван зуу сүм, Ригсүм Гомбо сүмүүдийг, 1701-1705 онд Очирдарь сүм, Авид сүм, Их суварганы чуулбаруудыг, 1771-1792 онд Цогчин их дуган, Лаврин сүмүүдийг тус тус бариулжээ. 1796 онд Эрдэнэзуу хийд анх удаа их засварт орсон бөгөөд 7 дугаар ширээт лам Дагвадаржаа ламтан удирдаж хятадын Юн-да-а пүүс гүйцэтгэл хийжээ. Энэ засварын үеэр хуучин Тахай балгасны хэрмэн нурангийг суурь болгон 50 ширхэг суварга босгосон байна. 1802-1813 онд ноёд тайж, лам хувраг, сүсэгтэн ардын хөрөнгөөр өмнө барьсан суваргуудын завсар хооронд 56 суварга нэмж хэрмэн ханыг барьж дуусгасан байна. Өдгөө хийдийг тойрон хүрээлэх 108 суварга бүхий хэрмэн хашаа нь хааш хаашаа 420 метр юм. 1782 онд 50 хувраг сурагчтайгаар Бодь мөрийн сургуулийг байгуулжээ. Монголын ноёд, язгууртнууд хэрмийн дотор өөрийн дугантай байх нь нэр төрийн хэрэг гэж үздэг байсан учраас Түшээт ханы болон ноён Цэвээнжавын дуган, Очирдарийн дуган гэх мэт олон сүм дуган баригдан 1792 он гэхэд 62 сүм, 500-гаад барилга байшинтай, 10 мянган ламтай болж өргөжсөн байна.

Өдгөө 18 сүм дуган үлдсэн бөгөөд одоо тус хийдэд анхны барилгуудаас Гурванзуугийн сүмүүд, Зуугийн сүм, Их суварга, Сэрүүн Лаврин бий. Хийдийн хашаан дотор Хархорум хотын тууринаас олдсон чулуун хөшөөнүүд үлджээ. Түүний ард 1675 онд Түвдийн Далай ламд зориулан босгосон Далай ламын сүм байх бөгөөд Махгал бурхны 13 нагтан дүр, Далай ламын хувилсан 6 дүр, Өндөр гэгээн Занабазар нарын дүрүүдийг дэлгэн үзүүлжээ. Гадна хоёр талд Хүрдэн сүм байрладаг. Эдгээр сүмүүдийн ард тусгай туйпуугаар барьсан хэрмэн хашаанд хоёр бунхан бий. Нэгийг нь Автай сайн хаанд, нөгөөг нь түүний хүү Түшээт хан Гомбодоржийн шарилд зориулжээ. Хоёр бунхны ард талд Гурван зуугийн сүмүүд бий. Нэг ч хадаас оруулалгүй модон дээр зааж зангидан хийсэн бөгөөд давхар хана бүхий бүтэцтэй. Энэ нь нэгд халуун хүйтнийг тусгаарлах, хоёрт гороо мөргөл үйлдэх зориулалттай. Гурванзуу нь хурлын бус мөргөлийн сүм байжээ.




Эртний нийслэл Хархорин:

Хархорин хот нь XIII зуунд Их Монгол Улсын нийслэл байсан бөгөөд Чингис хаан, Өгэдэй хааны үеийн түүхэн чухал төв байжээ. Торгоны замын худалдаа, олон улс, соёлын уулзвар болсон энэ хот нь Монголын эзэнт гүрний улс төр, эдийн засгийн зүрх байв. Өнөөдөр Хархоринд археологийн дурсгалууд, музей, Эрдэнэ Зуу хийд байрлаж, жуулчдад Монголын их түүхийг бодитоор мэдрэх боломж олгодог.
Хархорум нь түүхэнд янз бүрийн нэрээр дурдагдаж үлдсэн ч маш их алдар цуутай. Нэгэн цагт дэлхийн хамгийн алдартай хааны өргөө байрлаж байсан энэ эртний хот Торгоны замын хамгийн чухал, дэвшилтэт цэгүүдийн нэг болсон түүхтэй.

Орчин үеийн Монгол Улсын Өвөрхангай аймагт орших Хархорум ба түүний ойр орчмын байгалийн үзэсгэлэнт газрууд өдгөө тус улсын аялал жуулчлалын гол төвүүдийн нэг яах аргагүй мөн. Тус улсын өнөөгийн нийслэл Улаанбаатараас ердөө 350 км-ийн зайд орших Хархорум нь байгалийн сайхнаасаа гадна түүхийн ач холбогдлоороо гадаадын жуулчдын анхаарлыг татдаг. Чухам энэ хотоор дамжин түрэг, хятад, уйгар, согд, унгар, грек, армени, алан, гүржүүд өрнийг дорнотой холбосон замаар чөлөөтэй зорчдог байв. Даян дэлхийн улс төрчид, дипломатчид, худалдаачид, гар урчууд, наймаачид энэ хотыг зорин торго, хоолны элдэв амтлагч, цай, зааны яс, хөвөн, ноос, алт, мөнгө зэргийг арилжаалахаас гадна үзэл бодлоо чөлөөтэй ярилцан солилцохыг эрмэлздэг байсан аж.

Хархорум хот маш богино хугацаанд өөр өөр соёл иргэншил нэг нэгэнтэйгээ холбогдон эвтэй хамтран амьдрахад суралцах орон зай болж чадсан юм.

Өдгөө бид Чингис хаан ба түүний үүсгэн байгуулсан их гүрний талаар юу гэж ч хэлж, шүүмжилж болно. Гэвч Хархорум бол цагтаа соёл иргэншлүүдийн ойлголцол, нэг нэгнээ хүлээн зөвшөөрөх үйлд онцгой үүрэг гүйцэтгэснийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Хархорумд шашны янз бүрийн урсгалыг хүлээн зөвшөөрдөг байсан ба тус хотод бөө мөргөлийн 12, лалын шашны хоёр, Христийн ба Буддын шашны тус бүр нэг сүм үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулдаг байжээ.

Гэвч Хархорумын цэцэглэлт удаан үргэлжлээгүй. Учир нь Хубилай хаан тус хотын бүтээн байгуулалт эхэлснээс хойш ердөө 50 жилийн дараа Монголын эзэнт гүрний нийслэлийг одоогийн Бээжин рүү шилжүүлсэн билээ. Эрс тэс уур амьсгалтай, элдэв халдлагад өртөх эрсдэл ихтэй Хархорумыг оршин суугчид нь төд удалгүй орхиж, энэ хот нэг мэдэхэд л эзгүйрчээ.

Өнөөдрийн бидний харж байгаа Хархорум хот их хааны үеийнхтэй огт адилгүй болсон нь мэдээж. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар ойрын жилүүдэд түүх, соёлын ач холбогдол ихтэй энэ хотыг сэргээн хөгжүүлэхээр шийджээ. Иймд Хархорумыг илүү гэрэлт ирээдүй хүлээж байгаа нь дамжиггүй. Гэхдээ тус хотод одоо ч зочлох шалтгаан цөөнгүй бий.

Уламжлалт нүүдэлчин соёл иргэншилтэйн улмаас Монгол Улсын өнгөрсөн үеийн түүхэн ул мөр төдийлөн хадгалагдаж үлдээгүй ажээ. Өдгөө ч дэлхийн хамгийн том, хүчирхэг гүрний нэг байсан Монголын түүхийн ихэнх хэсэг нь нууцлаг хэвээр.

“Монголын нууц товчоо”-ноос гадна Монголын эзэнт гүрний үеийн тухай монголчуудын өөрсдийн бичсэн сурвалж бичиг ч цөөхөн үлджээ. Тэгвэл Хархорум орчмын археологийн дурсгалуудаас үүнийг нөхөх цөөнгүй олдворууд илэрсээр байна.

Тэдгээрээс дурдвал, хатуу хучилттай зам, тоосгон ба шавар барилгын үлдэгдэл, шалны халаалтын систем, зуухтай ор зэргийн ул мөр олджээ. Түүнчлэн зэс, алт, мөнгө, төмөр, шил, үнэт эдлэл, яс, хусны холтос зэргийг боловсруулж байсан олон баримт илэрсэн аж. Археологийн малтлагаар мөн Хятад, Төв Азийн зоос, шаазан эдлэл, дөрвөн зуухыг хүртэл гаргаж авсан байна. Тэдгээрийн ихэнхийг хотын төв хэсэгт байрлах гоёмсог, орчин үеийн хийцтэй музейгээс сонирхож болно. Монголын эзэнт гүрний эртний нийслэлийн төвд сүндэрлэж байсан “Мөнгөн мод” хэмээх ер бусын усан оргилуурын тухай домог хамгаас сонирхолтой. Домогт өгүүлснээр, уг модны төрөл бүрийн жимсийг цэвэр мөнгөөр урласан ба Чингис хааны удмынхан хүндэт зочдынхоо хамт тэрхүү усан оргилуураас ундрах дарс, айраг, архи, зөгийн балнаас дураараа уудаг байжээ.

“Мөнгөн мод”-ыг малтлагаар олж илрүүлээгүй бөгөөд Хархорумыг довтолсон нэгэн дайралтын үед устсан байх магадлалтай. Гэвч “Мөнгөн мод” хэмээх содон оргилуурын түүх хэн бүхний сонирхлыг татдаг нь гарцаагүй.

Хархорум эзгүйрч балгас болоод удсаны дараагаар 1585 онд Халх Монголын хунтайжийн зарлигаар Буддын шашны хийд барих болсноор дахин амь оржээ. Хунтайж гуравдугаар Далай ламтай уулзаж, Түвдийн буддизмыг Монголын төрийн шашин хэмээн тунхагласан нь Хархорумын суурин дээр тус улсад Буддын шашны анхны Эрдэнэ зуу хийдийг барих угтвар нөхцөл болсон байна.

1930-аад оны Зөвлөлтийн хэлмэгдүүлэлтийн үеэр Сталин өөрөө Монгол дахь хэд хэдэн гол сүм хийдийг шашны эрх чөлөөний бэлэг тэмдэг хэмээн үлдээхийг даалгасан нь Эрдэнэ зуу хийдийг сүйрлээс аварчээ. Эрдэнэ зуу хийдийн цогцолборыг Зөвлөлтийн дарангуйллын цагт музей болгосон аж.

ЗХУ задран унасны дараа Эрдэнэ зуу хийдэд дахин ном хурж эхэлсэн боловч өмнөх үеийнхээ цар хүрээнд хүрээгүй. Уг хийд оргил үедээ 100 гаруй сүм дугана, 300 орчим өргөө, 1000 ламтай байсан гэдэг. Эдүгээ Эрдэнэ зуу нь Монголын хамгийн ариун дагшин газрын нэг бөгөөд Буддын шашинтан монгол хүн бүр амьдралдаа ядаж ганц удаа очиж мөргөл үйлдэхийг эрмэлздэг байна. Тус цогцолборын Лаврин сүмд лам нар өдөр бүр ном уншдаг юм билээ.

Хархорумын өөр нэг очиж үзэх зохилтой газруудын нэг бол “Эрдэнэсийн хүрээ” хэмээх монгол бичгийн каллиграфийн төв. Тус төв сүүлийн үед үйл ажиллагаагаа өргөжүүлэн дан ганц монгол бичиг гэлтгүй Монголын өв соёлыг бүх талаар сурталчлан таниулахад анхаарах болжээ. Ирэх зуны турш Монголын үндэсний хөгжим, тэр дундаа хөөмийн концерт төдийгүй сургалт явуулахаар төлөвлөсөн байна. Үүгээр зогсохгүй ирэх есдүгээр сард уламжлалт шаазан эдлэл үйлдвэрлэж эхлэх гэнэ.

Хархорумыг хаа нэг өөр газрыг зорихдоо зам дагуу түр ороод гарах төдий газар гэж үзэх нь бий. Уг нь жуулчид эртний энэ хотод дор хаяж хоёр өдөр саатвал зүгээрсэн. Үүний тулд аль нэг зочид буудал, буурчийн газар, гэр хотхонд ядаж нэг шөнө саатвал дээр. Тийм газар Хархорумд цөөнгүй. “Их хорум” гэж орчин үееийн тохилог зочид буудал гэхэд л 27 өрөөтэй, саун, зоогийн газар, баартай. Эл зочид буудлаас Эрдэнэ зуу хийд, Хархорумын музей, “Эрдэнэсийн хүрээ” монгол бичгийн каллиграфийн төвийн аль алин руу алхаад л хүрчихнэ.

Харин “Silver Tree Guest House”-т та хэн нэгний гэрт зочилж буй мэт сэтгэгдэл төрнө. Эндхийн зоогийн газар мах төдийгүй веган хоолны сонголттой. Мөн Монголдоо анхны био хийн халаалтын системтэй бөгөөд ажилтнууд нь англи, франц, орос, польш, монгол зэрэг хэд хэдэн хэлээр ярьдаг юм билээ.

Жинхэнэ монгол гэрт хонож үзэхийг хүсвэл Хархорумд шилдэг сонголтын нэг нь “Anja Camp”. Эднийх гурван улирлын турш ажилладаг хүлэмждээ тарьдаг экологийн эрүүл, байгалийн гаралтай хоол хүнс санал болгож, байгаль орчны төслүүдэд ихээхэн анхаардаг байгууллага. Жуулчны тус баазыг үүсгэн байгуулагчид хөрсний эвдрэлийг зогсоохын тулд чацаргана тариалах, модыг ашиглан цөцгий, дарс, органик шүүс, органик тос, монголчуудын дуртай чацарганы цай зэргийг хийх санаачилга гаргасныг мөн дуулгая.



Орхоны хүрхрээ: Гайхамшигтай байгалийн гайхамшиг.

Орхоны хүрхрээ (Улаан Цутгалан) нь Орхон голын дунд урсгалд орших, галт уулын дэлбэрэлтийн улмаас үүссэн байгалийн гайхамшиг юм. 20 гаруй метрийн өндрөөс ус нижигнэн унах дүр зураг нь жилийн аль ч улиралд сүрлэг харагддаг. Хүрхрээ орчмын байгаль нь зугаалга, морин аялал, гэрэл зураг авахад нэн тохиромжтой. Улаан голын буюу Улаан цутгалангийн хүрхрээнээс дээш 1.4 километр зайтай, Орхон голд байдаг хүрхрээ. Хүрхрээний өндөр нь 2 метр өндөр боловч, өргөн нь Орхон голын усны их багаас хамаарч 25-50 метрийн хооронд хэлбэлзэж байдаг болохоор Монгол улсын хамгийн өргөн хүрхрээ болно.

Орхон голын эхээр уулс нь голууддаа ойр учраас аадар бороо, эсвэл хоногоор үргэлжлэх зүсэр борооны дараа уулын ус хурдан бууж, Орхон голын ус хэдхэн цагийн дотор мэдэгдэхүйц нэмэгдэж үер буудаг. Энэ үед Орхон голын хүрхрээний ус ихсэж хүрхрээний өндөр 30-50 см нэмэгдэн, хүрхрээний өргөний хэмжээ тэлж заримдаа 60 м хүрэх нь бий.

Орхоны хүрхрээг сүүлийн үед Бага хүрхрээ гэж андуу нэрлэх болжээ. Улаан цутгалангийн хүрхрээг Их хүрхрээ, Том хүрхрээ гэж бас андуу нэрлэх нь элбэг болов. Хүрхрээний их багын ангилал тогтоохдоо хүрхрээг дамжин бууж өнгөрөх усны урсацын хэмжээг гол үзүүлэлт болгон тооцдог.

Тэгвэл Орхон голын хүрхрээ нь Монгол улсын нутагт буй хүрхрээнээс хамгийн өргөн нь болохын зэрэгцээ нэгж талбайгаар дамжин унах усны урсацын үзүүлэлтээр бусад бүх хүрхрээнээс ихээхэн илүү байдаг.

Ингэхлээр ангилахдаа харгалздаг гурван гол үзүүлэлтийн хоёроор нь тэргүүлдэг Орхоны хүрхрээ нь Монгол улсын нутаг дахь хамгийн том хүрхрээ болж байна. 

Мөн ямар ч гантай жил Орхон гол тасардаггүй учир жилийн туршид урсуулан дамжуулах усныхаа хэмжээгээр Орхоны хүрхрээ яах ч аргагүй хамгийн том хүрхрээ болох юм.

Хүрхрээ буух Орхоны хавцал энэ хэсэгтээ Улаан цутгалангийн хүрхрээ бууж буй хавцлаас нам байдаг нь уг хүрхрээг Бага хүрхрээ гэж андуу нэрлэх болсонд нөлөөлсөн бололтой.

Хүрхрээний ойролцоох Орхон голын хүрмэн чулуун хавцлын ханан дээр нилээд олон хадны зураг байх боловч, усны урсгалын нөлөөгөөр ихэнх зураг нь бүдгэрсэн байна. 

Орхоны хүрхрээ, Улаан цутгалангийн хүрхрээ, Цагаан цутгалангийн хүрхрээнүүд хоорондоо ойрхон оршдог болохоор эрт үеээс Гурван хүрхрээний хөндий гэж нэрлэж байсан нь одоо үед мартагдаад байна. Үүнийг сэргээн нэрлэх нь аялагчид, жуулчдын сонирхлыг татахад багагүй нөлөөлөх болно. 




Төвхөн хийд: Намуухан, ариун дагшин газар.

Төвхөн хийд нь XVII зуунд Монголын их соён гэгээгч Занабазарын бясалгал хийж байсан ариун дагшин газар юм. Уулын орой дээр, ой модоор хүрээлэгдсэн байршилтай тул нам гүм, тайван орчинг бүрдүүлдэг. Жуулчид энд байгальтайгаа нийцэн алхах, бясалгах, сэтгэлээ амраах ховор боломжийг олж авдаг. Өвөрхангай, Архангай аймгийн нутгийн заагт Хужирт сумын төвөөс баруун хойшоо 40 километр, Бат-Өлзийт сумын төвөөс 50 километр зайтай Өндөр-Овоот буюу Шивээт-Улаан хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хадтай өндөр уулын оройн байц хадны багавтар дэвсэг дээр оршдог. Уулын бэлээс хийд хүртэл 5 километр өгсөж хүрнэ. Монголын анхдугаар Богд Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн сонин сайхан өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон таалж, 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг “дубхан” буюу бүтээх байр гэж нэрлэжээ. Энэ үг нь сунжирсаар өдгөө Төвхөн болсон байна. Өндөр гэгээн Занабазар тус хийдэд сууж байхдаа 1686 онд “Соёмбо” үсгээ зохиож, “Адистэдийн дээдийг хайрлагч” тэргүүтэй зохиолоо айлдахын сацуу “Тэргүүний нь үс ургаж байсан” гэгдэх гайхамшигт шүтээн дүрээ бүтээж, ур ухааны оргил болсон  хосгүй нандин бүтээлүүдээ урлажээ. Хийдийн дэргэд 2 худаг байдаг бөгөөд баруун худгийг амны ус, зүүн худгийг угаалгын ус гэнэ. Энэ 2 худгаас анхдугаар Богд цайны ус болон угаал үйлдэх усаа авч байжээ. Баруун хойд талын хаданд Өндөр гэгээний ажлын, түүний зүүн талд номын сангийн агуй нь байдаг. Түүний баруун хойд хадан дээр Өндөр гэгээний монгол гутлын мөр (38 сантиметр), гарын алганы мөр үлдсэн хэмээдэг. Халх Ойрадын дайн самуунаас хойш тус хийд бараг эзгүйрэн орхигдож байгаад 1773 оноос хурал номын ажлыг тогтмол болгон сэргээжээ. Хожим Эрдэнэзуугийн цорж лам Балганшадбидоржоос хойш 1939 он хүртэл Сайн ноён хан аймгийн гол хүрээ болох Уянгын хүрээний лам нар ээлжлэн ирж хурал хурдаг байжээ.

Төвхөн хийд нь хурлын дуган, Очирдарь, Гомбогүр бурхадын сүм, Бүтээлийн сүм, Мөнх зулын сүм, хоёр суварга, хүрдний саравч бүхий 14 сүм дугантай байв. Тус хийд нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий хадан ууланд оршдог. Хийдийн арын 20-иод метр өндөр эгц хадны дээд талд “Эхийн хэвлий” нэртэй гулсаж ороод эргэж буцаж гардаг жижиг агуй бий.  Энэ агуйд нэг удаа мөлхөж ороод дотор нь эрэгтэй хүн бол баруун тийш эмэгтэй хүн бол зүүн тийш эргэн буцаад толгойгоороо мөлхөн гарахад тэр хүн ариусан сая эхээс төрсөн мэт болдог гэнэ. Түүний баруун гар талд “Өлгий” хэмээх босоо хүн зогсоогоороо таардаг ухмал хад бий. Дээш авиран гарахад нэг овоо байх бөгөөд эрэгтэй хүн тэр овоог эргэнэ. Эмэгтэй хүн зүүн талын овоог нь эргэн тойрдог ёстой ажээ. Түүнээс гадна хийдийн эргэн тойронд Өндөр гэгээний амарч суудаг байсан суудал, морины нь уяа гэгдэх холбоо хоёр мод, нүдний рашаан зэрэг дурсгалууд байдаг. 1967 онд хийдийн барилгад судалгаа, хэмжилт, зураглал хийж, өмнө талын нурсан чулууг засаж цэгцлэн явган хүн явах хуучин гарцыг сэргээжээ.

Энэ хийдийн барилгыг Монгол мужааны аргаар углуургадан оньсны олон төрлийг ашиглан хийсэн угсармал барилгууд гэдгээрээ онцлог юм.  Төвхөн хийдийг 1992 оноос улсын хамгаалалтанд авч, хурал номын ажлыг нь сэргээжээ. 2001 онд улсын төсвөөс хөрөнгө гарган хийдийн 4 сүм, 2 суварга, асарт хаалгыг нь анхны байсан төрх байдлаар нь  сэргээн босгосон юм.




Цэнхэрийн халуун рашаан: Тайвшруулах байгалийн халуун рашаан.

Цэнхэрийн халуун рашаан нь 80 гаруй хэмийн халуун устай, эрдэс бодисоор баялаг байгалийн рашаан юм. Үе мөч, мэдрэл, ядаргаа тайлахад тустай хэмээн уламжлал, орчин үеийн судалгаагаар үнэлэгддэг. Өвөл цасанд дарагдсан үед халуун рашаанд орж амрах нь жуулчдын хамгийн их сонирхдог туршлагын нэг юм. Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт Цэцэрлэг хотоос урагш 30км орчим зайд байдаг. Далайн төвшнөөс дээш 1860 метрт өргөгдсөн, аглаг ой бүхий уулын бэлд оршдог. Халууныхаа үзүүлэлтээр Монголд хоёрдугаарт ордог ба газрын гүнээс секундэд 10 литр хүртэл ундран гардаг рашаан юм. Дөрөвдөгч галавын үед үүссэн гэж эрдэмтэд үзсэн бөгөөд хөрсний устай холилдохгүйгээр 86 хэмийн халуунтайгаар ундардаг. Хүхэрт устөрөгч, цахиурын нэгдэл агуулдаг шүлтлэг рашаан бөгөөд эрт дээр үеэс тус рашааныг эмчилгээнд ашиглаж байсан ул мөр ойр орчмоос нь олддог байна. Хуян хөөрөх, мэдрэлийн судас үрэвсэх, булчин чангарах өвчин, үе мөчний өвчин, үений үрэвсэл, зөөлөн эдийн гэмтэлд тустайгаас гадна хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулах, цагаан мах эргэхийг зогсоох, цус багадалтыг хэвийн болгох, эмчилгээний дараах дархлааг сайжруулах, ядаргаа тайлах, ядаргаанаас үүдэлтэй арьсны эмгэгийг засах, ил шарх сорвийг арилгах, чихрийн шижин өвчинг засахад эерэг нөлөөтэй ажээ. Бага тунгаар уух, рашаанд тодорхой хугацаагаар орж гам барих аргуудаар эмчилдэг байна. Цэнхэрийн халуун рашаан байгаа тус бүс нутаг нь Хангайн нурууны салбар уулсад хамаарах ба ойр орчинд нь Борт тал, Гялгар, Цагаан сүм гэх мэт халуун рашааны ундаргууд бий.



Хөшөө цайдам дурсгал: Түүхийн чухал дурсгал.

Хөшөө Цайдамын дурсгал нь Түрэгийн үеийн (VIII зуун) түүхэн хосгүй өв бөгөөд Билгэ хаан, Күлтегин жанжны хөшөө энд байрладаг. Эртний түрэг бичээс бүхий эдгээр хөшөө нь Монгол нутагт бичиг үсэг, төр улсыг хэрхэн ойлгож байсныг харуулдаг түүхийн үнэт эх сурвалж юм. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 32-р тоот тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршиж байсан Түрэгийн хаант улсын түүх, соёлтой холбогдол бүхий хосгүй үнэт эд өлгийн зүйл, олдворыг хадгалж хамгаалах, судлах, сурталчилах үүрэг бүхий Хөшөө Цайдам музей байгуулагдсан юм. Музей нь байнгын үзэсгэлэнгийн танхим, түр үзэсгэлэнгийн танхим болон гадна үзэсгэлэнгийн талбайтай. 1889 онд Оросын эрдэмтэн Н.М Ядринцев Орхон голын хөндийд хөндийд орших аварга том хөшөөдийг нутгийн ардын тусламжтайгаар илрүүлэн олж олон орны эрдэмтэдийн сонорт хүргэжээ. 1997-2007 онд Монгол Туркийн хамтарсан “Монгол дахь Түрэгийн үеийн зарим хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах, судлах сэргээн засварлах” төслийн үр дүнд Монгол орны төв нутагт буй VIII зууны Түрэг улсын алдар цуут хаад, язгууртны дурсгал болох Билгэ хаан, Культегин жанжны тахилын онгонуудыг судлан шинжлэх хайгуул малтлагын явцад алт, мөнгөн эдлэл, эрдэнийн чулуу зэрэг 4000 гаруй зүйл бүртгэгдсэн юм. Дээрх олдворууд нь 30см зузаан, 40*80 см талбайд хоорондоо сул хөрс бараг байхгүй, дээр дээрээсээ зайгүй давхралдсан байдалтай байв. Мөн 9 ширхэг хүн чулуу, мэлхий чулуу 2 ширхэг, чулуун арслан 1 ширхэг, чулуун хонь 5 ширхэг, гэрэлт хөшөө 2 ширхэг зэрэг эртний олдворуудыг малтан гаргажээ.




Хорго Тэрхийн Цагаан нуурын байгалийн цогцолборт газар: Галт уулын тогтоц, үзэсгэлэнт нуураараа алдартай.

Энэхүү байгалийн цогцолборт газар нь Хорго галт уул, Тэрхийн Цагаан нуур-аараа алдартай. Хорго галт уулын тогоо, царцсан хайлмаг чулуу нь геологийн өвөрмөц тогтоц бүрдүүлдэг бол Тэрхийн Цагаан нуур нь цэнгэг устай, үзэсгэлэнт байгалиараа жуулчдыг татдаг. Загасчлал, завьт аялал, алхалт, гэрэл зураг авахад маш тохиромжтой бүс юм. Архангай аймгийн Тариат сумын нутагт Цэцэрлэг хотоос 180 километр зайд, Тэрхийн цагаан нуурын хөвөөнд орших хожуу унтарсан хүрмэн чулХорго - Тэрхийн цагаан нуурын аяллыг сонирхож байвал энд дарна уу. уун галт уул бөгөөд 8 мянган жилийн өмнө оргилж байгаад унтарчээ.  Далайн төвшнөөс дээш 2210 метр,  Хорго хавийн хүрмэн хад асга, ангал, хавцал гайхам сонин тогтоцтой, агуй, хонхор гүдгэр зэрэг нь нуугдаж хоргодох газар олон байдаг. Хамгийн хойд захад нь Хоргын тогоо байх бөгөөд тогооны өрх хөндлөнгөөрөө 200 метр, гүн нь 70-80 метр, 30-36 хэмийн налуутай. Ар болон амсраар нь хуш, шинэсэн ойд ургадаг бөгөөд цэцэг жимсээр элбэг.

Хоргын тогооны халуун хайлмал чулуу урсаж байхдаа мушгирч атиралдан царцаж уур хийнд үлээгдэн дээшээ овойж гэр шиг хэлбэртэй болсон байна. Энэхүү гэр нь цоорхой тоонотой, хажуудаа хаалга үүдтэй 10 гаруй агуйг үүсгэсэн байдаг учраас нутгийнхан түүнийг чулуун гэр гэдэг. Хоргын тогооноос гадна Гичгэний баруун зүүн тогоо, Өлийн тогоо, Цагаан уул, Залаа толгой, Мандлын тогоо, Шаврын царам зэрэг 33 галт уул бий. Тэдгээрийн дундуур Суман, Гичгэнэ, Чулуут голууд усны унал хурд ихтэйгээр хөөсрөн урсаж Хоргын тогооны бүсийн нэгэн гайхамшигт чимэг болдог. Хоргын үзэсгэлэнт газрыг 1965 онд дархан цаазтай болгожээ. 

Домгоос өгүүлбэл, Эрт үед худгаас ус авсан хүмүүс худгаа таглахаа мартсанаас болж их хэмжээний ус олгойдон гарч хөндийг дүүргэн сүйд болжээ. Хүмүүс “хоргоогоорой” хэмээн хашгирч  байснаас Хорго хэмээх нэр үүсэж, хоргоогдож тогтсон ус нь Тэрхийн цагаан нуур болжээ.

Тэрхийн цагаан нуур: Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байдаг. Хангайн нуруунаас эх авсан хойд урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодисонд боогдон үүссэн цэнгэг уст нуур. Урт нь 16 километр, хамгийн өргөн нь 6 километр бөгөөд 61 ам километр талбайтай. 20 метр гүнтэй, далайн төвшнөөс дээш 2060 метрт оршдог. Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм.  Харин ганц гол эх аван гадагш урсдаг бөгөөд тэр нь Суман гол юм. 50 орчим километр урсаад Чулуутын голд цутгадаг. Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг. Нууранд хар галуу их ирдэг бөгөөд 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог байна. Домог нь: Тэрхийн цагаан нуурын зүүн этгээдэд нэг овоо бүхий дөрөлж байдаг гэнэ. Тэр дөрөлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад “Тэр их цагаан нуурыг хараа” хэмээн дуун алдсанаас “Тэр их цагаан нуур” буюу Тэрхийн цагаан нуур гэдэг нэр бий болсон гэдэг.



Зориулагдсан: Анхны удаа ирж буй жуулчид, түүх сонирхогч, зөөлөн адал явдал хайгчид.




Experiences in Central Mongolia

Horseback Riding Across the Steppes
Horseback Riding Across the Steppes

Central Mongolia
7 days

$115/day View Details