Explore Ulaanbaatar, the vibrant capital of Mongolia - a dynamic city where ancient traditions meet modern development, Buddhist monasteries stand alongside skyscrapers, and nomadic heritage thrives in an urban setting.
Улаанбаатар хот нь Монгол улсын нийслэл бөгөөд туул голын эрэг дээр дөрвөн шүтээн уулсаар хүрээлэгдэн оршдог олон жилийн баялаг түүхтэй хот юм. Улаанбаатар хотын суурь одоогийнх шигээ байсангүй. Анх 1639 онд Өвөрхангай аймагт хотын суурь тавигдсан. Тэр цагаас хойш Монгол улсын нийслэл 29 гаруй удаа нүүдэллэж эцэст нь 1779 онд суурьшжээ. Улаанбаатар хотыг Монгол Улсын томоохон хот гэж үздэг. Улаанбаатар хотод очсоны дараа та ойролцоох байгалийн үзэсгэлэнт газрууд, түүхэн дурсгалт газруудаар зочлох эсвэл гудамжаар зугаалж, нийслэлийн өдөр тутмын амьдралын хэв маягийг ажиглах боломжтой.
Орчин үеийн онцлог: Өндөр барилга, кофе шоп, Солонгос хоолны газрууд, гар урлалын шар айраг, уран зургийн галерей, шөнийн амьдрал
Үзэх зүйлс:
Богд хааны дархан цаазат газар

Манзуширын хийд
Улаанбаатар хотоос өмнө зүгт 43 километр зайд орших Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт, Зуунмод хотын төвөөс хойш 8 км, Зуунмодны амны эхэнд Ачит дүйнхорын булаг хэмээх энгэр газарт далайн төвшнөөс дээш 1800 метр өндөрт шинэсэн ойн дунд Манзуширын хийдийн туурь оршино. Хуучнаар Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу Богд хан уулын өвөр дэх Тулгатын булаг гэдэг газар юм. Манзушир хийдийн анхны сүмийг Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан, донхор хутагт Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан уулын энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигджээ. 1736 онд Цанид дуган, 1760 онд Бадмаёго дуган, 1770 онд Шар хүрээ хэмээх Богдын ордон, 1780 онд Жүд дацан, 1790 онд Гомбо дуган, 1867 онд Мамба дацанг байгуулж, Хангал, Эргэдэг Майдар, Суварган сүм, Сэрүүн лаврин, Мангал зэрэг сүм дугануудыг уран барилгын гайхалтай шийдлээр байгуулсан байна. Эдгээр сүмүүд нь Богдхан уулын үзэмжит сайхан байгальтай зохицон нийцэж байсан учраас “Халх Монголын Ар утай” гэж алдаршжээ. XYIII зууны сүүлчээр Цогчин дуганыг байгуулж, өмнө талд нь Богд уулнаас ус татаж, хиймэл нуур үүсгэжээ. 1791 онд Манжийн хааны зарлигаар тус хийдийн нэрийг “Буяныг залбирагч” болгон өөрчилсөн. Буяныг залбирагч хийдэд 500 гаруй лам нар сууж ном хурдаг байсан бөгөөд нийт 5 дацантай байв. XX зууны эхэн үе гэхэд гавж аграмбын мяндагийг олгодог, ихээхэн хэмжээний мөнгө эргэлдүүлдэг тариалангийн талбайтай Монголын нэр нөлөө бүхий том хийд болсон байв.
200 гаруй жилийн түүхтэй Манзуширын хийдийг 1937 онд нураан буулгах үед 21 барилга байгууламжтай байжээ. Лам нарыг нь баривчилж хөрөнгө зоорийг нь хураахад 53 лам баривчлагдсан ба ихэнх нь цаазаар авхуулсан гэдэг. Манзуширын хийдийн сүүлчийн хутагт нь Цэрэндорж хэмээх хүн байсан бөгөөд тэрбээр Манзушир хутагтын V дүрийн хувилгаан байжээ. Цэрэндорж нь Халхын Сайн ноён хан аймгийн Наянт вангийн хошууны нутагт мэндэлж, хутагт хувилгаанаар залагдан, Манзуширын хийдэд бага наснаасаа эхлэн суусан гэдэг. Манзушир хутагт Цэрэндорж нь VIII Богд Жавзандамба хутагттай хамт 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалд идэвхтэй оролцжээ. Тэрбээр гавж, аграмбын мяндаг хамгаалсан эрдэмтэй лам хүн байсан бөгөөд 1937 онд Ёнзон хамба Лувсанхаймчигийн хэрэг хэмээх хилс хэрэгт буруутгагдан хороогджээ.
Эдүгээ хийдийн туурь, уулын энгэрийн хадан дээр сийлбэрлэсэн том бурхадын зураг нь түүх соёлын ховор нандин бүтээл дурсгал болж үлдсэнийг 1998 онд улсын хамгаалалтанд авсан. Манзуширын хийдийн тууринд XYIII зууны сүүлчээр байгуулсан Манзушир бурханыг тахидаг байсан Зөөлөн эгшигт хэмээх их хийдийн үлдэгдэл бий. Сүүлд сэргээгдсэн Манзушир хутагтын Сэрүүн лаврин хэмээх барилгыг музей болгон ашиглаж Богдхан уулын байгалийн материал ашиглан хийсэн гар урлалын үзмэр, ангын үс, амьтдын чихмэл бүхий үзмэрийг дэлгэн үзүүлжээ. Тус музейн зүүн талд 1726 онд аяганы дархан Жалбуу ах дүү нарынхаа хамт урлан бүтээсэн жасын том тогоо байдаг. Нэг удаа 1000 хүний хоол бэлтгэж болдог энэ тогооны амсар нь 215 см, гүн нь 140 см, багтаамж нь 1800 л, хүнд нь 2 тн ажээ. 1000 хүний хоол бэлтгэхэд нэгмөсөн 2 шарын мах буюу 10 гаруй хонины махыг чанахад 4 тэрэг түлээ түлдэг байжээ.
Хүрээний ардууд эртнээс нааш Богд хан уулыг “Хөдлөхгүй хүй мандал, ширгэшгүй рашаан ундарга, гандашгүй ганган цэцэг” хэмээн хүндэтгэж ирсэн. 1808 онд Монголд ирсэн Оросын Грибовский “Хүрээний ардууд Богд хан уулнаасаа зомгол ч авдаггүй, навц цэцгийг нь ч хөнддөггүй” хэмээн тэмдэглэсэн байдаг. Богд гэдэг нь “оройн дээд” гэсэн утга бөгөөд хүрээний сүсэгтнүүд жилд 2 удаа тойрч гороолдог байв. Богд уулыг нэг удаа тойроход 3 жилийн нас нэмдэг хэмээн итгэдэг.
Домгоор бол, Манзушир ламтан Богд хан уулыг тойрч сан тавиад явж байтал одоогийн Манзуширын хийд байгаа газарт сангийн утаа нь эгц дээшээ хөөрч байв гэнэ. Түүнд ихэд бэлгэшээн газрын эзэн Цагаан өвгөн сахиусны хувилгаан хэмээгдэх Тулгат өвгөнд очиж газрыг нь гуйтал “өгөхгүй ээ, би энд өвөлжөөгөө барина” гэжээ. Манзушир ламтан хийд орон барих гэж байгаа тухайгаа учирлан нэлээд гуйтал “тэгвэл миний шав тавьсан газрыг олоодох” гэжээ. Манзушир ламтан мөнгөн тэвнэ дээш нь чиглүүлэн шидтэл туссан газар нь алтан зоос байгаад тэр зоосны нүхээр тэвнэ нь гарч зоогджээ. Тэгтэл Тулгат өвгөн “за Манзушир ламтан та энэ газрын эзэн нь мөн юм байна” хэмээн хүлээн зөвшөөрчээ.
Чингис хааны хөшөө

Монголын үндэсний музей
Эртний Монголын түүхийн танхимд чулуун зэвсэг болон хүрэл зэвсгийн үеийн олдворын тархацыг харуулсан газрын зураг байх бөгөөд Монголоос олдсон хуучин, дунд, шинэ чулуун зэвсгийн үед хамаарах багаж зэвсэг, хадны сүг зургуудыг он дарааллаар дэлгэн үзүүлжээ. Мөн МЭӨ 5000-3000 жилийн өмнө буюу хүрэл зэвсгийн үед Монголчууд мал аж ахуйг хөгжүүлэхийн зэрэгцээ хүрлээр хийсэн эд зүйлийг амьдрал ахуйдаа ашиглаж ирснийг гэрчлэх гол дурсгалууд бол хадны сүг зураг, хиргисүүр, дөрвөлжин булш, буган чулуу юм. Дөрвөлжин булш, хиргисүүр зэргээс түгээмэл олддог хүрэл дуулга, сумны зэв, ангийн хутга зэргийг дэлгэн үзүүлжээ.
Монголын анхны төрт улс Хүннүгийн түүхийн танхимд 1920-иод онд Төв аймгийн Батсүмбэр сумын Ноён ууланд байх Хүннүгийн Шаньюй нарын асар том булшнаас олдсон эд өлгийн зүйлүүдийг хадгалжээ. Үр тариа хадгалах ваар савнууд, савх, хутга, бусад ахуйн хэрэгслээс гадна зургадугаар булшнаас гарсан “эсгий ширдэг”-ний үлдэц маш чухал олдворт тооцогддог. Ширдэгний дээд хэсэгт үүлэн хээ, түүний гадна талаар нь нарийн зураасан хээ, төвд нь сарлаг, буга, дэлтэй бартай адил араатан, далавч сүүлтэй араатан амьтнуудын хоорондоо ноцолдож буй дүрсийг маш урнаар зээглэн үйлджээ. Ийм уран дүрслэлтэй ширдэг өөр хаанаас ч олдоогүй ажээ.
Түрэгийн түүхийн танхимд Орхон, Туулын сав газраас олдсон Түрэгийн хаад язгууртнуудын бунхан, цогцолбороос гарч ирсэн олдворуудыг дэлгэн үзүүлжээ. Түрэгийн сүүлчийн хаан Билгэ-гийн булшнаас олон тооны алт мөнгөн чимэглэл, алт мөнгөн бумба, хундага, эм хүний алтан энгэрийн зүүлт, ээмэг, бүсний чимэглэл, бугуйвч, алт мөнгөн хуудас, мөнгөөр цутгаж алтаар бүрсэн бугын дүрс баримал зэргийг илрүүлсний дотор “Билгэ хааны алтан титэм” хамгийн үнэт үзмэр юм. Мөн 732 онд босгосон, 3.3 метр өндөр, 1.3 метр өргөн “Культегэний гэрэлт хөшөөний бичээс” бүхий хөшөөг хуулбарлан бүтээж танхимд байрлуулжээ. Уг хөшөөнд 68 мөрөнд 10 мянга орчим үсэг сийлэн Культэгэн жанжны намтар, тухайн үеийн дайн байлдааны тухай өгүүлжээ. Дэргэд нь Билгэ хаан болон хатны гантиг чулуун, толгойгүй хөшөө, мөн Культегин жанжны толгойн хэсэг, түүний хатны нүүрэн хэсэг бүхий хөшөөний үлдэгдэл зэргийг байрлуулжээ. Культегин жанжин 685-731 оны хооронд амьдарч байсан бөгөөд ах Билгэ-г хаан ширээнд суухад ихээхэн дэмжлэг үзүүлсэн юм. 2000-2003 оны малтлагаар олсон амгай, сумны зэв, бүсний чимэг, малын шагай, ваар, билүү чулуу, дөрөө, барилгын материалууд гэх мэт олдворууд бий. Архангай аймгийн Тариат сумын нутагт байдаг 2 метр өндөр, Түрэгийн үеийн түүх соёлын тухай өгүүлсэн “Тариатын хадны бичээс” хөшөөний хуулбар байдаг. Танхимын төгсгөлд Уйгар, Киданы үед хамаарах зарим дурсгалууд “Мөргөлчин хүн” хэмээх сүмийн зураг, 80 сантиметр өндөр чулуун арслан, Хэрлэн барс хотын цамхагын тууринаас олдсон Киданы үеийн шаазан ваар, барилгын материалуудыг дэлгэн үзүүлжээ. Монгол үндэстэн ястны хувцасны танхимд эхлээд гадаад орны музейд хадгалагдаж байгаа Монгол үндэсний хувцастай холбоотой үзмэрүүдийг харуулсан зураг байрлуулсан байдаг. Халх, Торгууд, Захчин, Мянгад, Буриад, Дарьганга, Барга, Хотон, Казак үндэстэн ястны хувцас хэрэглэлүүд, монголчуудын гоёл чимэглэл төдийгүй бэл бэнчинг харуулдаг хас пийсүүгээр хийсэн гаанс тамхины хэрэгслүүд, мөнгө, ган, хув, шил, сувд, тана, яс, мод, хасаар хийсэн хөөрөгнүүдийг янз бүрээр дэлгэн харуулжээ. Эмэгтэйчүүдийн энгэрийн зүүлт, бүснээс унжуулдаг чимэглэлүүд, ээмэгнүүд, мөнгө, хасаар хийсэн бугуйвчнаас гадна халх үндэсний гэрлээгүй эмэгтэйчүүдийн сувдан зүүлтнүүд, энгэрийн зүүлт, толгойн боолт, үсний хатгуур, үнэт чулуун шигтгээ бүхий мөнгө, шүрэн сам зэрэг гоёл чимэглэлийн эд хэрэглэлийг дэлгэн үзүүлжээ.
Монголын Эзэнт Гүрний түүхийн танхимын эхэнд Чингисийн гэрэлт хөшөө бий. 1919 онд Аргун голын эргээс Оросын эрдэмтэн Спасский нээсэн бөгөөд 5 мөрөнд 22 үг бичээстэй, 2 метр өндөр, 65 сантиметр өргөн хөшөө юм. Чингис хааны ач Есүгэн нум сум харваж 335 алд буюу 500 метр хол газар харвасныг магтаж бичсэн байдаг. Чингис хааны хар цагаан сүлд, Чингис хааны баримал хөшөө, Хөгшин тээлийн хөшөө буюу Хубилай хааны цэргийн хотын тухай тэмдэглэсэн хөшөөний бичээс буй. Хөшөөг 1926 онд Оросын эрдэмтэн П.К. Козлов Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутгаас олсон бөгөөд 20 мөр, 300 үсэг бүхий хятад бичигтэй. Юань улсын үед хэрэглэж байсан зарлигийн тамга, эзний тамга, Монголын дипломат харилцааны хамгийн эртний баримт бичиг болох Гүюүг хаанаас 1246 онд Ромын Пап лам IY Инночинцо-д илгээсэн захидлын хуулбар зэргийг тавьжээ. Энэхүү захидалд Монголын эзэнт гүрэнд дагаар орохыг зарлиг болгож бичсэн байсан бөгөөд 1920 онд Ватиканы нууц архиваас олжээ. Захидалд дарсан тамга нь Монголын их хаадын тамганы бичээсийг мэдүүлсэн бөгөөд “Мөнх тэнгэрийн хүчин доор Их монгол улсын далай хааны Зарлиг ил булха иргэн дор хүрвээс Биширтүгэй, аюутугай” гэж байдаг. Төрийн дотоод, гадаад харилцаанд ашиглаж байсан мөнгөн гэрэгийн хуулбар, монгол цэргийн хөө хуяг, Чингис хааны ууган хүү Зүчидээ зориулан бариулсан бунхны загвар, Ил хаадын захидал хэмээн нэрлэдэг захидлын хуулбар болох Аргун хаан 1289 онд Францын хаанд илгээсэн захидал, Газан хаан Ромын Пап лам YIII Бонифацио-д 1302 онд илгээсэн захидал, Өлзийт хаан 1304-1316 онд төр барьж байхдаа Францын IY Гоо Филипп ванд илгээсэн захидал зэргийн хуулбарууд байдаг. Хубилай хааны Япон руу довтолсон тухай зураг, цэргүүд нь хэрэглэж байсан усны сав, Хархорин хотын тууринаас олдсон олдвор болох шавар шаазан олдворууд, хүрэл толь, туухай, Исламын шашинтан хүний булшнаас олдсон зүйлүүд, эзэнт гүрний үед хэрэглэж байсан төмөр зоос зэрэг үнэт үзмэрүүд бий.
Дундад зууны үеийн Монголчуудын аж байдлыг харуулсан танхимд 1902-1904 онд Дорнод Туркестаны Турфан гэдэг газраас олсон Монгол бичгийн гар бичмэл, модон барын янз бүрийн ном судрын тасархай хуудаснууд, Өндөр гэгээн Занабазарын хөрөг, урлаж байсан ган завъяа, дарх хийдэг дөш, бурхны цутгуурын хэв, Халхын сэцэн хан Шолойн удам угсааны 11960 хүний нэрийг багтаан бичсэн угийн бичгийн хуулбар, Манжийн эсрэг тэмцсэн Чингүнжавын дайны хар сүлд, тугны суурь, Монгол цэргийн төөнүүр буу, сэлэм, цэргийн харанга, бөмбөр, манжийн үед эрүү шүүлтэнд хэрэглэж байсан гав, ташуур, дөнгө, цаазны сэлэм, шаахай, мөглөн, манж цэргийн хувцас, амбаны тамга, манж худалдаачдын өрийн дансны дэвтэр, “Тооно уулын бичээс”, “Гүнжийн алтан өргөмжлөл”, Амар баясгалант хийдийн Цогчин дуганы загвар, Монголд XYII зуунаас буддын нөлөөгөөр дэлгэрсэн шашны хөгжмийн зэвсгүүд, монгол морин хуурын төрлүүд, Азид өргөн тархсан хуучир, бийвлэг, шанз, бийбаа, хэвтээ ятга, ёочин зэрэг чавхдаст хөгжим, судар, номын хэрэгсэл, даавуун болон торгон баринтаг, модон шогол хайрцаг, зэс чулуу модон бар, модоор сийлсэн тоглоом, шагай, малын яс, зэс, гууль, төмөр, модоор хийсэн янз бүрийн оюун ухаан сорьсон тоглоом, загас агнуур болон ангийн хэрэгсэл, урхи, хавх, ангийн буу, загасны тор, анч бүргэдийн хэрэгслүүд, оёдол үйл, гар урлал, мужаан дарханы үйл, эмээл хазаарын чимэглэл, малын тамга, амгай, хурдан морины хусуур, хурга ишигний угж, малын эмчийн хэрэгслүүд, малын өвчинг эмчлэх тухай судар, үр тариа боловсруулах хэрэгслүүд, сав суулга, шанага, модон хувин, бүрэн тавилгатай таван ханат гэр зэргийг үзүүлсэн байдаг.
XX зуун, XXI зууны эхэн үеийн Монгол орны түүхийн танхимд Богд хаант Монгол улс, БНМАУ, Ардчилсан Монгол улсын түүхэн хөгжилд хамаарах үзмэрүүд байдаг. Сонин бичгийн анхны дугаарууд, төрийн туг, тамга, тухайн үеийн сайд ноёдоос Богд хаанд өргөн барьсан бичиг, захидал, Монголын анхны одон “Эрдэнийн очир”, 1924 онд баталсан БНМАУ-ын туг, 1930 оны үеийн кино аппарат, бичгийн машин, Халх голын байлдааны үеийн эмчийн хэрэгсэл, Монголын улсын баатар Дандарын сэлэм, буу, 1960-аад оноос хэрэгжсэн 5 жилийн төлөвлөгөөтэйгөөр ажиллаж амьдрах, үйлдвэржих, атар газар эзэмших, зам тээвэр хөгжүүлэх, хүн амыг эрүүлжүүлэх, хүн бүгд бичиг үсэгт тайлагдах зорилтуудтай холбоотой түүхэн гэрэл зурагнууд, Монголын соёл, шинжлэх ухаан, уран зохиол, урлаг спорт зэрэг бүхий л соёлын салбарт гавъяа байгуулж алдар нэрээ үлдээсэн олон арван хүмүүсийн тухай гэрэл зурагнууд тавигдсан байдаг. Мөн социализмын үеийн бүтээн байгуулалтын гэрч болсон үзмэрүүд нилээд байгаагийн дотор 5 мянган малтай малчдад олгодог байсан мөнгөн бүслүүрт хувин, тэргүүний сайн малчдад олгодог байсан дурсгалын болон шагналын зүйлс, Монголын төр засгийн тэргүүнд гадаад орны төр засгийн тэргүүнүүдээс бэлэглэсэн дурсгалын зүйлүүд хадгалагдаж байна. Монголын Ардчилсан Намын анхны тамга, Монголын анхны Ерөнхийлөгч Очирбатын хувцас, Ардчилсан хөдөлгөөний хөгжлийн түүхийг харуулсан баримтат фото зургууд, анхны иргэний үнэмлэх, анхны гадаад паспорт зэргийг дэлгэн үзүүлжээ.
Сүхбаатарын талбай
Чингисийн талбай буюу хуучнаар Сүхбаатарын талбай нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв цэг юм. Талбайн төвд Сүхбаатарын хөшөө байдаг бол хойморт нь байрлах Төрийн ордны өвөр талд Чингис хааны хөшөө бий.
Тэрэлжийн байгалийн цогцолборт газар
-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраар аялах
Байршил: Улаанбаатар хотоос зүүн тийш 65 км.
Тойм: 1993 онд байгуулагдсан Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нь 2865 хавтгай дөрвөлжин километр талбайтай бөгөөд 1960-аад оноос хойш жуулчдын очих дуртай газар байсаар ирсэн. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь мезозойн эрин үеийн боржин чулуунаас тогтсон гайхалтай хадан цохио бүхий гайхалтай ландшафтаараа алдартай. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн онцлох зүйл бол алдартай Мэлхий хад, Буддын шашны бясалгалын сүм юм. Дунджаар 1600 метрийн өндөрт орших тус газар явган аялал, морь унах, хаданд авиралт, рафтинг зэрэг гадаа үйл ажиллагаа явуулахад тохиромжтой.
Аглаг бүтээл хийд, бясалгалын төв

-Аглаг бүтээл хийд, бясалгалын төвөөр аялаарай
Байршил: Улаанбаатар хотоос баруун хойш 100 км-т, Төв аймгийн Борнуур сумын нутагт.
Тойм: Далийн Хавцал уулын бэлд, шинэсэн ойгоор хүрээлэгдсэн Аглаг бүтээлийн хийд нь оюун санааны дархан цаазат газар төдийгүй тайван амгалан тайван амгалан тайван амьдрах газар юм. Таныг хийдэд ойртоход хөх, цагаан, улбар шар өнгөөр будаж, Монголын гурван язгуур бурхны нэгийг бэлгэдсэн эрч хүчтэй суварга угтах болно. Цэнхэр суварга нь газар нутаг, ард түмнийг хамгаалагч Очирваанийг төлөөлдөг. Цагаан суварга нь зовлон, аюулын эсрэг хамгаалагч Жанрайсагийг бэлгэддэг. Улбар шар өнгийн суварга нь билиг оюуны бурхан Манзуширыг хүндэтгэдэг.
May to September for comfortable weather, December to February for winter experiences