Featured TripAdventure Tours

Говь нутгийн гайхамшиг

Монголын говь бол зөвхөн элсэн цөл биш!

Southern Mongolia
7 өдөр
Moderate

Trip Overview

   Монголын говь бол зөвхөн элсэн цөл биш! Байгалийн гайхамшигт тогтоцууд, соёлын өв, түүхэн дурсгалт газруудыг багтаасан энэ аяллаар та говийн жинхэнэ өнгө төрхийг мэдрэх болно.

Аяллын хөтөлбөр:

📍 Өдөр 1: Улаанбаатар – Бага газрын чулуу – Онгийн хийд 📌 320 км

🔹 Бага газрын чулуу – Боржин чулуун уултай үзэсгэлэнт газар 

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс баруун хойш 37 км зайд бий. Эргэн тойрон тэгш талаар хүрээлэгдсэн, д.т.д 1768 метр өндөр, боржин чулуун бүс бөгөөд 300 км.кв талбайтай. Чулуун уулын ам, хоолой, хөндийд олон булаг шанд урсахаас гадна эртний булш, хиргисүүр, хадны сүг зураг, хөшөө дурсгалууд нэлээд байдаг. Бага газрын чулуунд Сөдөтийн ам хэмээх улиасан шугуйтай хавцал, Жаргалантын агуй, Нүдний рашаан, Тахилгын хавцал, Гэр хад, Хүннүгийн үеийн булш гэх мэт үзэх зүйл олон бий.

Гэр чулуу хэмээх хаданд олон янзын зураг сийлсэн байдгийн дотор хоёр янгирыг олсоор оосорлон барьсан хүний зураг нь хүрэл зэвсгийн сүүл үед хамаарах ажээ. Гэр чулуунаас холгүй орших өндөр хаданд хоёр том бугын зургийг бодит хэмжээ буюу 170 см урттай, 90 см өндөртэйгөөр дүрсэлсэн байдаг нь сонирхол татна.

Сөдөтийн аманд урьд өмнө сөд өвс элбэг ургадаг байсан учраас ийнхүү нэрлэжээ. Эл амны чулуун хавцал дунд ургасан улиасан төгөлийн дунд 300 гаруй жилийн өмнө хоёр лам даяанчлан сууж, тус тусын гэрийг барихдаа уулын бяцхан горхийг гэрийнхээ дундуур урсаж байхаар байрлуулж, гэрээсээ гаралгүй ус авч цай хоолоо зэхдэг байжээ. Лам нарыг өөд болоход нь туурвисан бүтээлүүдтэй нь зэрэгцүүлэн эл хавьд бунхалсан ажээ. Сөдөтийн аманд нэгэн хийдийн туурь байх бөгөөд түүнийг Ловончамбын хийд гэдэг. Мэргэн мөр хэмээн алдаршсан цорж лам бясалгал хийх үүднээс эл сүмийг бариулсан гэдэг. Хожим XX зууны эхэн үед шарын урсгалын төлөөлөгч, эрдэмтэн лам Зава Дамдин хэсэг суурьшин бүтээл туурвиж байжээ.



🔹 Онгийн хийд – Түүхэн томоохон буддын хийдийн туурь

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт Онгийн голын ус ургамал жигдэрсэн үзэсгэлэнт нэгэн тохойн зүүн эрэгт Сайхан-Овоо уулын энгэрт байдаг туурь. Онгийн хийдийг Түвдээр “Гүнджамбаалин” хийд гэдэг бөгөөд энэ нь “Хотол өглөгч” гэсэн утгатай. Хутагт лам Ишдоньлхүндэв, түүний шавь Барь лам Дамцагдорж нар 1760-1810 оны хооронд бариулжээ. Тухайн цаг үед 1000 гаруй лам хувраг шавилан суудаг 28 сүм дугантай байжээ. Тус хийдээс 15 км зайтай, Онгийн голын эрэг дагуу “Хошуу хурлын хийд” хэмээх бас нэгэн хийд байсан бөгөөд Онгийн хийдийн баруун жигүүрт байгуулагдсан Хутагт ламын хийд,  зүүн жигүүрт байгуулагдсан Хамба Дамцагдоржийн хийдүүдийг оруулаад “Онгийн гурван хийд” гэж нэрлэж байжээ. Онгийн хийдэд 4 сургалтын дацан хийд байсан бөгөөд шашны гүн ухаан, нууц тарни бясалгал, анагаах ухаан буюу мамба, тоон ухаан буюу математикийн чиглэлийн сургалтууд явуулдаг байжээ. Сүмийн сүүлчийн Хамба лам Лувсандорж нь 1937 онд баригджээ.




🔹 Жаргалантын агуй, Нүдний рашаан, Сүмийн туурь

Жаргалантын агуй нь Сөдөтийн амнаас 1 км зайд оршдог, 18 метр урт агуй юм. Тал хэсэгт нь босоогоор явж, тал хэсэгт нь суугаагаараа мөлхөж явна.

Нүдний рашаан нь Сөдөтийн амнаас баруун тийш нэг км зайд оршдог. Зориуд өрөмдсөн юм шиг 50 см гүн нүхний амсраар доош харахад доор нь урсаж байдаг. Нүхний голч нь 7 см тул утсаар дүүжилсэн жижиг халбагаар рашаанаас утган авч нүдэндээ түрхдэг. Нутгийнхан нүдний аливаа эмгэгт сайн хэмээн шүтэж иржээ.

Тахилгын хавцал нь Бага газрын чулууны ноён оргил бөгөөд д.т.д 1768 метр өндөр. Сүрлэг өндөр хаданд нь аргаль янгир бэлчдэг.

Дунд шандын аманд баруунаас зүүн тийш чиглэлтэй 64 хүннү булш нэг дор байдаг. 1989 онд Монгол-Унгар-Зөвлөлтийн хамтарсан баг малтан шинжилжээ. Булш хоорондын зай харилцан адилгүй байдаг. Малтлагын явцад нумны гичир, ясан наалт, бүсний хүрэл арал, хазаарын төмөр амгай, долгио хээтэй ваарны хагархай зэрэг эд өлгийн зүйлс олджээ.

🏠 Байр: Жуулчны бааз | 🍽 Хоол: Өглөө, өдөр, орой


📍 Өдөр 2: Онгийн хийд – Баянзаг (Улаан цав) 📌 200 км

🔹 Онгийн хийдийн түүхтэй танилцах, явган аялал

🔹Баянзаг (Улаан цав) – Асаж буй гал мэт харагдах хад чулуутай үлэг гүрвэлийн олдворт газар

Өмнөговь аймгийн нутагт Арц богд уулсын дагуух уудам хөндийд орших шаварлаг хурдас бүхий газар юм. Заг мод их ургадаг учраас Баянзаг гэж нэрлэгдсэн. Урдаас хойшоо чиглэлтэй сунаж тогтсон, өргөн нь 5 км, урт нь 8 км орчим. Монголчууд улаан элсэрхэг шаварлаг хөрс хатуурч тогтсон газрыг “цав” гэдэг. Арай өндөрлөг газрыг нь “цонж” гэдэг. Баянзагийн цонжнуудын өндөр нь 20-50 м хүртэл байдаг. Мөн тогтоцын хэлбэр дүрсийн байдлаараа нутгийнханд “ширээ шавар”, “тэмээ шавар” гэх мэтээр нэрлэдэг газрууд бий. Баянзагийн улаан шаварлаг хөрс  нь оройн наранд асаж буй улаан гал шиг харагддаг учраас “асаж буй толгод” буюу “flaming cliffs” гэж нэрлэгдэх болжээ. Энэхүү нэрийг 1920-илд онд Баянзагт ирж судалгаа хийсэн Америкийн эрдэмтэд өгсөн гэдэг. Тэрхүү судалгааны үеэр 60-80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн чулуужсан олдворын шинэ шинэ нээлтүүдийг хийсэн учраас палеонтологийн салбарт дэлхийд алдартай газар болж хувирсан юм. Өөрөөр хэлбэл дэлхийд Монголын говийг алдаршуулсан газар юм. Баянзаг нь хойд хэсгээрээ заг модон ойтой. Тэрхүү ой дотор одоогоос 40 мянган жилийн өмнө, түүнээс ч өмнө  амьдарч байсан эртний хүмүүсийн ул мөр олдсоор байгаа билээ.


🏠 Байр: Жуулчны бааз | 🍽 Хоол: Өглөө, өдөр, орой


📍 Өдөр 3: Баянзаг – Хонгорын элс 📌 160 км

🔹 Булган суманд зочилж, нутгийн бүтээгдэхүүн амтлах


🔹 Хонгорын элс – Говийн хамгийн том элсэн манхан (180 км урт)

Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутагт орших бөгөөд Сэврэй, Зөөлөнгийн нурууны араар 180 орчим километр үргэлжилдэг элсэн манхан юм. Баруун хойноос зүүн урагш чиглэн үргэлжилсэн, нийтдээ 965 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Элсний хамгийн өргөн нь баруун хойд талдаа 27 километр, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 метр байдаг. Элсний орой дээр гарахад цааш хэдэн зуун манхан толгод үргэлжлэн харагдана. Хонгорын элсний ойр хавийг бүхэлд нь харахад урдуураа хадтай уул, дундуураа ургамал ургах аргагүй элсэн манхан, хойд бэлээр нь гол урсаж ногоорсон баянбүрд харагдах нь тун үзэсгэлэнтэй. Зөөлөнгийн нуруунаас буусан үерийн ус Хонгорын элсний дундуур зам гарган нэвт урсаж хөрсөнд шингээд,  элсний хойд захад Сэрүүн булаг, Арганга булаг хэмээх горхийг үүсгэн газар дээр дахин гарч баруун тийш элснийхээ хаяагаар 10 гаруй километр урсдаг бөгөөд үүнийг Хонгорын гол хэмээнэ. Хонгорын элсний ар талд хэд хэдэн жуулчны баазууд байрлах бөгөөд тэндээс морь тэмээгээр аялан Хонгорын элс хүрнэ. Ширүүн салхитай өдөр элсэн шуурга дэгдвэл эргэн тойрон нь харагдахгүй болдог тул жуулчны баазууд 5-17 километр хүртэл алслан байрладаг. Салхигүй нартай өдөр яг л газар нэлийтэл дэлгэн асгасан алт шиг гялалзан харагдах Хонгорын элс үнэхээрийн үзэсгэлэнтэй. Элсэн манханаар аялахдаа хамгийн ойр байх толгод дээр эхлэн хажуулдан явж гарах бөгөөд нэг оройгоос нөгөө орой руу толгодын хярыг даган явбал дөхөм болно. Сул нүүдэллэдэг элс учраас эгц авирах боломжгүй, хөл шигдэн амархан ядардаг. Эрт үед Хонгорын элс хавийн заг асар өндөр, шигүү байжээ. Тэрхүү заган дотроос тэмээгээ олдоггүй байсан тухай нутгийн уугуул хөгшид хуучилдаг. Сэврэй уулын хаднаа нэлээд олон тооны хадны сүг зураг байх бөгөөд тэр дунд таван янгирын араас хөөж намнаж яваа дөрвөн морьтой анчныг дүрсэлсэн зураг бий. Нум сум нь энгийн хэлбэртэй бөгөөд хүрэл зэвсгийн үеийн нум байж болох юм гэж судлаачид үзжээ.

Сэврэй сумтай хил залгаа Ноён сумын Толь хад, Ноён богд уул, Хатан Сэврэй, Хонгорын элс дөрвийн тухай ийм нэгэн домог бий. Эрт цагт нутгийн нэгэн ноён ааш муутайгаараа алдартай Сэврэй хэмээх эхнэрээ хашраахын тулд түшмэлийнхээ зааснаар хатнаа алс газар цөлөх болжээ. Уурлаж бухимдсан Сэврэй хатан ноёны цэргүүдээр харгалзуулан алс газар явах замдаа толио шидэж орхитол толь нь олон хэсэгт бутран хагарсны нэг нь Толь хадыг үүсгэсэн гэдэг. Ааштэй хэмээн адалсан ч гэлээ амьдран дассан хатнаа санагалзахдаа ноён тэрхүү Толь хаднаа ирж хатныхаа царайг хардаг байсан учраас хожим урдхан талд нь Ноён хэмээ уул болон үлджээ. Харин Сэврэй хатан алс газар цөлөгдөөд байхдаа өдөр бүр ихийг бодон гуниглаж, голын эрэг дээр очин гил хар гэзгээ самнан санаашран суудаг болжээ. Түүнийг харгалзан ирсэн цэргүүд дотроос Хонгор гэдэг нэртэй нэгэн баатар эр хатны тийнхүү гуниглан суухыг өрөвдөн харсаар сэтгэл алдран дурлажээ. Хонгор баатар бүхнийг умартан хамтын амьдралаа шинээр эхлэн энэ нутагт эзэн сууя хэмээн хичнээн ятгавч Сэврэй хатан Хонгор баатарын үгийг үл тоон улам ихээр гуниглан дуу аялдаг байжээ. Тэгсээр олон жил өнгөрч, Толь хад ч сааралтан бүдгэрч, Хонгор баатар арга буюу хайрт бүсгүйнхээ гишгэсэн газрыг зөөллөхийн тулд гол руу очдог замын чулуу болгоныг элгэн доороо хийн элсэн манхан болж хувирсан гэдэг.  


🔹 Дуут манхан – Салхинд дуугарах гайхамшигт элсэн манхан

Дуут манхан: Хонгорын элсний хамгийн өндөр хэсгийг Дуут манхан гэнэ. Орон сууцны 9 давхараас ч өндөр сүрлэг харагддаг энэ элсэн манханы оройд нь мацаж гарахад ойр хавийн хүн мал, салхинд хийсэх элдэв юмсын чимээ ч тод сонсогдоно. Орой дээрээс доошоо харахад бэлээр байх машин тэрэг хүртэл өчүүхэн жижиг хорхой мэт харагддаг нь сонин. Элсэн дээр дээш харан хэвтэхэд дүнгэнэн нисэх агаарын хөлгийн чимээ сонсогддог. Хаанаас онгоц гарч ирэх юм бол хэмээн хүлээхэд онгоцны бараа үл үзэгдэх бөгөөд энэ дуу нь элсэн манханы зөөлөн салхины аясаар хийсэх чимээ болохыг мэднэ. Наранд халсан элс салхины аясаар зөөлөн гулсахад энэ чимээ гардаг ажээ. Тийм ч учраас нутгийнхан “Дуут манхан” хэмээжээ. Өмнүүр нь дүнхийх Хатан Сэврэй уул эмэгтэйчүүдийг ивээдэг хэмээн нутгийнхан шүтэж ирсэн домогтой тул “хатан” хэмээх өргөмжлөлтэй болжээ. 

🔹 Тэмээн аялал, баянбүрд үзэх



Баянбүрд үзэх

Баянбүрд гэдэг нь говь, цөлийн бүсэд орших үржил шимтэй хэсэг газрыг хэлдэг ажээ. Говьд Хангайгаас тасалж авчраад тавьчихсан юм шиг бяцхан газар хаа нэг тааралдах бөгөөд ус дагасан ургамал бүхий тийм газрыг баянбүрд гэж нэрлэнэ. Баянбүрд бол өндөр уулсын газар доорхи усны илэрцийн цэг болох булаг ундран гарч газар хөрсийг чийгтүүлснээс үүссэн, хааяа ордог борооны усаар тэжээгддэг ба олонхи нь ус хуримтлалын хотгор, өргөн хөндийд оршдог.  Баянбүрд нь говь, цөлд горхи шанд болон гүний ус нэвчин гарсан баялаг ургамал бүхий хэсэгхэн газар гэж Монголын нэвтэрхий толь, Шагж багшийн толь бичигт тодорхойлжээ.      

Уулс ховор, гадарга нь тэгшивтэр хээр, усны хуримтлалын онцлог усархаг ургамал, зэгс, шагшуурга ургасан харьцангуй үзэсгэлэнт газрыг нутгийн хүмүүс бүрд хэмээн нэрлэх нь бий. Говь нутгийн чийглэг, ус ихтэй булаг орчим сөөг бут ургаж, түүнийг даган амьтад олноороо цугладаг. Баянбүрд нь Монгол орны цөлийн экосистемийн онцгой хэсэг бөгөөд түүнийг судлах, хамгаалах, үр ашигтайгаар ашиглах, ширгэхээс нь сэргийлэх нь асар их ач холбогдолтой билээ.  Баянбүрд нь ургамал болон амьтны ундны гол тэжээлийн цэг болох учраас цөлийн экосистемийн ногоон ургамлын бүрэлдэлтэнд чухал байр суурь эзэлдэг байна.   


🏠 Байр: Жуулчны бааз | 🍽 Хоол: Өглөө, өдөр, орой


📍 Өдөр 4: Хонгорын элс – Ёлын ам 📌 170 км

🔹 Гурван сайхан уулын хамгийн үзэсгэлэнт хавцал – Ёлын ам

Ёл шувууны нэрээр нэрлэгдсэн уулын хавцал. Далайн төвшнөөс дээш дунджаар 2800 метр өндөр. Дархалсан талбай нь 64 ам километр. Зүүнсайхан уулыг зүүн хойшоо сэтлэн урссан голын нарийхан хавцал юм. Хавцлын голоор жижиг горхи урсдаг бөгөөд өвөл мөсөн бүрхүүлээр хучигддаг. Жилийн турш мөстэй байдаг байсан боловч сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал зэргээс шалтгаалан ихэнхи хэсгийн мөс нь хайлдаг болсон. Хавцлын мөнхийн нар тусахгүй зарим газарт 1 метрээс ч илүү зузаантай мөс үлддэг. Бороо хур ихтэй жил хавцлын дээрээс 4 хүрхрээ урсан орж ирдэг байжээ. Нар тусахгүй мөнхийн сүүдэр бүхий сэрүүн газрууд олон байдаг учраас өвлийг санагдуулам сэнгэнэсэн хүйтэн агаар хавцлын голоор нэвт урсаж байдаг. Хавцлын ёроолоос дээшээ харахад тэнгэр тээр дээр зөвхөн нарийн цэнхэр зурвас мэт харагддаг. Зарим хадан хана нь 200 метр хүртэл өндөр элгэн эгц байдаг. 

Ёл шувуу: Ёл шувуу нь хамгийн өндөрт буюу 7500 метрийн өндөрт нисдэг. Зөвхөн төв Азид байдаг Монголын дархан цаазат шувуу бөгөөд 1500-3000 метрийн өндөрт оршдог ховор шувуу. Жигүүр нь 2.5-3 метр хүрнэ. Нуруу нь хөхөвтөр шаргал, хэвлий толгой нь цайвар, эрүүн доороо сахалтай. 1700 метрээс дээш өндөрт үүрээ засдаг, ихэвчлэн 2 дугаар сард хоёр өндөг гаргадаг. Амьтдын сэг ясаар хооллодог.


🔹 5 км явган аялал


🏠 Байр: Жуулчны бааз | 🍽 Хоол: Өглөө, өдөр, орой


📍 Өдөр 5: Ёлын ам – Цагаан суварга 📌 200 км

🔹 Цагаан суварга – Байгалийн салхины элэгдлээр үүссэн гайхалтай хаднууд

Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл уулнаас баруун хойно орших эгц цавчим мөргөцөг. Нүдэнгийн говиос тод сайхан харагддаг. Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад цайран гэрэлтэх суварга мэт байдаг. Зүүн тийшээ харсан байдаг бөгөөд алсаас харахад байшин сууц, хот балгас мэт харагдана. Баруун талаасаа тэгш тал учир харагдахгүй. Их салхи шуургатай үед мал уруудаж унаж үхэх явдал байдаг. Мөргөцөгийн өндөр нь 60-аад метр бөгөөд өргөөшөө нийтдээ 400-гаад метр үргэлжилдэг. 90 хэмийн эгц эрэгтэй. Борооны дараа Цагаан суварганаас буух их ус асар том хүрхрээ мэт харагддаг гэнэ. Цагаан суваргаас зүүн тийш 7 километр, Өлзийт сумаас 85 километр орчимд намхан толгодын дунд Хэвтээ босоогийн 50 метр урт агуй бий. Агуйн зарим газар мөлхөж, зарим газар босоо явах боломжтой тул Хэвтээ босоогийн агуй хэмээн нэрлэжээ. Агуйнаас урагш 3 хайлаас байдаг.

🏠 Байр: Жуулчны бааз | 🍽 Хоол: Өглөө, өдөр, орой


📍 Өдөр 6: Цагаан суварга – Улаанбаатар 📌 450 км

🔹 Говийн сүүлчийн гайхамшигт газар үзэх


🔹 Буцах замдаа дурсгалын зураг авах, амрах

🏠 Байр: Жуулчны бааз | 🍽 Хоол: Өглөө, өдөр


📍 Өдөр 7: Улаанбаатар 📌 460 км

🔹 Аяллын төгсгөл – Улаанбаатар хотод ирнэ


🍽 Хоол: Өглөө, өдөр


Аяллын онцлох зүйлс:

  • Бага газрын чулуу Онгийн хийд Баянзаг
  • Үлэг гүрвэлийн өлгий Хонгорын элс
  • Монголын хамгийн том элсэн манхан Дуут манхан
  • Онцгой аялгуу гаргадаг элсэн манхан Тэмээн аялал Ёлын ам
  • Байгалийн үзэсгэлэнт хавцал Цагаан суварга

    Байгалийн гайхамшигт тогтоц Монголын говь бол зөвхөн элсэн цөл биш! Байгалийн гайхамшигт тогтоцууд, соёлын өв, түүхэн дурсгалт газруудыг багтаасан энэ аяллаар та говийн жинхэнэ өнгө төрхийг мэдрэх болно.

Говь нутаг таныг:

  • Ногоон арцтай уулс, мяралзах горхи бүхий Ёлын ам
  • Гал мэт асах Баянзаг (Шаргал Улаан Элсэрхэг Хадан Цохио)
  • Давалгаалан хөвөх мэт өргөн уудам Хонгорын элс-ээр гайхшруулах болно.


Бага газрын чулуу Онгийн хийд Баянзаг – Үлэг гүрвэлийн өлгий Хонгорын элс – Монголын хамгийн том элсэн манхан Дуут манхан – Онцгой аялгуу гаргадаг элсэн манхан Тэмээн аялал Ёлын ам – Байгалийн үзэсгэлэнт хавцал Цагаан суварга – Байгалийн гайхамшигт тогтоц

Trip Details

Duration

7 өдөр

Difficulty

Moderate

Location

Southern Mongolia

Best Time to Visit

May to October

Ready to Start Your Adventure?

Contact us to customize this trip or get more information

Contact Us View More Trips